АВЛИГЫН 12 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

A- A A+
АВЛИГЫН 12 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

Булган аймгийн прокурорын газраас Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус прокурорын газраас 2025 онд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын 12 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Үүнээс 9 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 3 нь нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг байна.

Авлигын хэрэгт 5 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлснээс 4 нь эрэгтэй бөгөөд дийлэнх нь 31-44 насных байна. Дээрх 5 хүнээс 2 нь төрийн тусгай албан хаагч, 2 нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, 1 нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан байна.

Авлигын гэмт хэргийн улмаас 66,3 сая төгрөгийн хохирол учирснаас 1,8 сая төгрөгийг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн.  

Авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд албан үүрэг, эрх мэдэл болон ажил хэргийн мэдээллээ хувийн ашиг хонжоо олоход ашигласан, албаны ёс зүй, тангараг, ашиг сонирхлын зөрчлийн шаардлагыг зөрчсөн, мөн удирдлагын хяналт сул байгаа нь нөлөөлж байна.

Нийтийн албан тушаалтан:

-албаны бүрэн эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах,

-өөрийн болон хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргахад нөлөөлөх,

-албан үүргээ гүйцэтгэсний төлөө шууд болон шууд бус хэлбэрээр бэлэг, шан харамж авах, мөн дипломат журмаар авсан бэлгийг тайлагнахгүй байх,

-албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа хэлбэрээр төлбөр, нэмэлт хураамж авах,

-нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс хандив авах, хүсэлт гаргах,

-хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд давхар ажил эрхлэх;

-хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аж ахуйн үйл ажиллагааг биечлэн эрхлэх, эсхүл аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглосон байдаг.