“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Булган аймгийн прокурор газар, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн асуудал” сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шүүхийн тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Булган сумын засаг даргын тамгын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар харилцан мэдээлэл солилцож, талуудын оролцоо, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцлоо. Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг баталгаажуулахад хүртээмжгүй орчин, мэдээллийн хомс байдал нөлөөлж байгааг онцолсон.

Уулзалтын үр дүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах чиглэлээр дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг орон нутагтаа бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих эрх болон хөдөлмөр эрхлэх боломжийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хамтран ажиллахаар боллоо.